2024.02.19 - 2024.02.23

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Мод ургуулах хамгийн тохиромжтой хугацаа 20 жилийн өмнө байсан. 2 дахь тохиромжтой хугацаа бол яг одоо юм."

- Зүйр үг

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 44,724.22 нэгжид хүрч 0.67%-ийн бууралттай хаагдлаа. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компаниудаас 2022 онд нийт 41 хувьцаат компани 157.87 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2023 онд 38 хувьцаат компани 653.20 тэрбум төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж байсан билээ. 2024 онд одоогоор 41 хувьцаат компани 2023 оны тайлант жилийн ашгаас нийт 814.73 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар хуваарилахаар болсон байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

Ерөнхийлөгчийн баярын өдрийг тохиолдуулан АНУ-ын хөрөнгийн зах зээл өнгөрөгч 7 хоногийн Даваа гарагт амарсан билээ. Пүрэв гарагт NVIDIA компанийн 2023 оны 4-р улирлын тайлан Wall Street-ийн дийлэнх шинжээчдийн таамаглалаас өндөр үзүүлэлттэй гарсан нь тус компанийн зах зээлийн үнэлгээ 277 тэрбум ам.доллароор тэлэхэд шууд нөлөөллөө. NVIDIA компанийн ашигт ажиллагаа болон хувьцааны ханшийн өсөлтийг дагаж S&P 500 индекс, технологийн компаниудын жин их дарсан NASDAQ Composite индекс нар бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчиллээ. Холбооны нөөцийн сангийн бодлого боловсруулагч Кристофер Уоллер Пүрэв гарагт АНУ-ын 1-р сарын инфляцын түвшин хүлээлтээс өндөр гарсныг онцоллоо. Гэсэн хэдий ч тэрээр инфляцын түвшин зорилтот 2.0%-руу хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа мэдэгдлээ.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Евро бүсийн инфляцын түвшний бууралт, түүнийг дагасан хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын зах зээлийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.15%-ийн өсөлт үзүүлж бүх цаг үеийн дээд түвшнээ шинэчиллээ. NVIDIA компанийн 2023 оны 4-р улирлын тайлан сайн гарсан нь Европын технологийн компаниудын хувьцаа ханш өсөхөд нөлөөлсөн. Евро бүсийн эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх PMI индекс 2024 оны 2-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засаг тогтворжиж буй болон үйлчилгээний салбарын идэвхжил өндөр байгааг илэрхийлж байна. Евро бүсийн HCOB PMI индекс 2024 оны 2-р сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.9 - 48.9-д хүрч өссөн үзүүлэлттэй гарлаа.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногийн Пүрэв гарагт 1989 оноос хойших дээд түвшнээ эвдэж, бүх цагийн үеийн шинэ дээд түвшнээ тогтоолоо. Nikkei 225 индекс нь сүүлийн 1 жилийн хугацаанд 43% орчмын өсөлт үзүүлээд байгаа юм. Үүнд, Гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж буй болон тус улсын төв банк инфляцын түвшнийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын хүрээнд Мөнгөний хэт зөөлөн бодлого баримталсаар байгаа нь голлон нөлөөлж байна. Уоррен Баффет эрхмийн “Berkshire Hathaway”-аас эхлээд “BlackRock”, “Robeco” зэрэг гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Японы хөрөнгийн зах зээлийн өсөлтөд өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж Япон улсын зах зээлд дэх хувьцааны хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлээд байгаа юм.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын хөрөнгийн зах зээл Сар шинийн баярын амралтын дараа өсөлт үзүүллээ. Тодруулбал, Shanghai Composite индекс 4.85%, CSI 300 индекс 3.71%-ийн тус тус 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Сар шинийн баяр нь аялал жуулчлал болон худалдан авалтыг огцом дэмжиж өгдөг тул хөрөнгийн зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлт үзүүллээ гэж дүгнэж болохоор байна. Тус улсын Аялал, жуулчлалын яамны нээлттэй мэдээллээр 2024 оны Сар шинийн баярын үеэр аялал жуулчлалын салбарын орлого нь 2023 оныхтой харьцуулахад 47% өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд, Дотоодын болон гадаадын аялал жуулчлал нэмэгдсэн болон Сар шинийн баярын амралт 8-н хоног үргэлжилсэн нь нөлөөлсөн байна.

Дэлгэрэнгүй

"2024 онд хөрөнгө оруулалтын багцаа оновчтой удирдах нь" хөрөнгө оруулалтын зөвлөх сургалт

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэн бидний харж буй хөрөнгийн зах зээлийн ирээдүй болон хөрөнгө оруулалтын стратегитай танилцаж өөртөө итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийгээрэй.


Уг зөвлөх сургалтаар олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлийн хэтийн төлөв, гадаад болон дотоодын онцлох компаниуд, болон түүнийг дагаж үүсэх хөрөнгө оруулалтын боломжийн талаар мэдээлэл хүргэнэ.

Энэхүү сургалт нь "Zoom"-ээр үнэ төлбөргүй явагдах бөгөөд та доорх холбоосоор нэвтрэн бүртгэл үүсгээрэй.

Сургалтад бүртгүүлэх:
https://forms.gle/snxN2C1SSVH79X2p8


Хугацаа:
2024 оны 02-р сарын 28-ны өдрийн 16:00 цагт

Хөрөнгийн зах зээл дэх таны хөтөч

Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 7.0% өсөлттэй гарсан билээ. Тодруулбал, ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч 7.0%-ийн өсөлтийг үзүүлсэн юм.


Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд 7.0%-иар өссөний -1.3%-ийг хөдөө аж ахуйн салбар, 2.6%-ийг уул уурхай, олборлолтын салбар, 0.6%-ийг аж үйлдвэр, барилгын салбар, 4.3%-ийг үйлчилгээний салбар, 0.9%-ийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.


Дараах графикт Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ба ирээдүйн таамаглалыг үзүүллээ.


IMF - Олон улсын валютын сан

ADB - Азийн хөгжлийн банк

WB - Дэлхийн банк

Монголбанк

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж буурч 4.25%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.71%-д хэвээр хадгалагдлаа. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжөө 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

“ТАВАН ТОЛГОЙ” ХК 2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2024.02.22 


“Таван толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байна.


Нэгж хувьцаанд 4,996 /дөрвөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Дэлгэрэнгүй

“ТҮМЭН ШУВУУТ” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2024.02.21 


“Түмэн шувуут" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №02/2024 тоот тогтоолоор компанийн 2023 оны цэвэр ашгийн 30 хувийг нийт хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.


Нэгж хувьцаанд 17.1 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд дэлхийд тэргүүлсээр байх төлөвтэй

 2024.02.23 


БНХАУ-ын эдийн засгийг үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хойш татаж байна. Европт Их Британи 2023 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн хөнгөн түвшний уналтад орсон бол Германы эдийн засаг 2024 онд дахин агших эрсдэлд орж, улмаар Евро бүсийг бүхэлд нь доош чангаав. Япон улсын эдийн засаг ч өнгөрсөн онд уналттай байлаа.

Дэлгэрэнгүй

Нүүрсний экспорт 70 сая тонн дөхсөн 2023 онд Монгол Улсын ДНБ 7.0 хувиар өсөв

 2024.02.19 


Нүүрсний экспорт түүхэнд дээд түвшинд хүрсэн 2023 онд Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.


Эдийн засгийн өсөлт ийнхүү 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч, дийлэнх олон улсын байгууллагуудын төсөөллөөс давахад уул уурхай, олборлолтын салбарын сэргэлт голлон нөлөөлжээ. Тодруулбал: долоон хувийн өсөлтийн 4.4 нэгж хувийг зөвхөн уул уурхай болон тээврийн салбарын өсөлт бүрдүүлсэн байна.

Дэлгэрэнгүй